LVM ашиглан диск зохион байгуулах

Дусал нэвтэрхий толь-с
13:47, 24 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Энэхүү гарын авлага нь LVM (Logical Volume Manager) ашиглан дискийг уян хатан зохион байгуулах, удирдах талаар анхан шатны ойлголт өгөх бөгөөд Ubuntu дээр суурилан өгүүлэх болно. Мөн линукс болон бусад юникс төрлийн систем дээр ажиллах чадвартай гэж үзэж байна. Гэхдээ LVM нь бүх төрлийн линукс дээр ажиллах зориулалттай тул ихэнх зүйл нь ижилхэн байна.


LVM гэж юу вэ?

Аливаа системийн диск буюу хадгалах төхөөрөмжүүдийг уян хатан байдлаар зохион байгуулах, удирдах боломжтой байх нь системийн ажиллагааны үед гарч болох төрөл бүрийн эрсдлийг бууруулж, төлөвлөлтийн хугацааг богиносгодог. Жишээ нь, линукс систем суулгах бүрд /home, /usr, /var, /tmp зэрэг хуваалтуудыг ямар хэмжээтэй хийх вэ гэдэг асуулт тулгардаг. Энэ нь системийн зориулалт, хэрэглээнээс хамаардаг бөгөөд нэгэнт хийгдсэн хуваалтын хэмжээг өөрчлөх, тэр дундаа системийн ажиллагааг зогсоолгүй өөрчлөх боломж бараг байхгүй.

LVM нь бодит дискүүдийг ашиглан хийсвэр диск үүсгэх боломжийг өгдөг бөгөөд энэхүү хийсвэр диск нь маш уян хатан, удирдан зохион байгуулахад их хялбар болгож өгдөг. LVM нь 2.6 хувилбар бүхий цөмтэй бүх линукс системд хэдэн ч хийсвэр диск байх боломжтой ба үүнийг ашигласнаар дараах давуу талуудтай. Үүнд:

  • Олон жижиг бодит дискүүдийг нэг бүхэл хийсвэр диск болгон ашиглах. Мөн хийсвэр дискэнд бодит диск нэмэх, хасах.
  • Дискийн хуваалтыг хүссэн хэмжээгээр нэмэх, хасах.
  • Дискийн нөөц хуулбарыг хялбар үүсгэж авах, сэргээх.
  • Дискийг нууцлаг дугаараар бус утга учир бүхий нэр өгөх.

LVM-ийг ашиглахын тулд Physical Volume, Volume Group болон Logical Volume гэсэн үндсэн ойлголтуудыг мэдэх шаардлагатай. Эдгээрийг энгийнээр тайлбарлавал Physical Volume нь хийсвэр диск үүсгэхэд ашиглах гэж буй бодит диск, Volume Group нь хийсвэр диск, Logical Volume нь хийсвэр диск дахь хуваалт юм.


Хийсвэр диск үүсгэх

Олонхи линукс тархацууд суулгах явцад LVM тохируулах боломжийг олгодог ба энэ гарын авлага нь тэрхүү боломжийг ашиглаагүй суулгасан гэж үзэж байгаа болно. Иймд LVM-тэй ажиллах багажуудыг доорх тушаалын тусламжтай суулгах бөгөөд энэ нь шаардлагатай бусад програм хангамжийн багцуудыг давхар суулгах болно.

sudo apt-get install lvm2

Үүний дараагаар бид хийсвэр диск үүсгэхэд ашиглах бодит дискийг сонгох ба энэ зааврын хувьд /dev/sda5 байна. Хийсвэр диск үүсгэхэд хэдэн ч бодит диск эсвэл хуваалт ашиглаж болно, энэ үед тэдгээрийн багтаамжийг нийлбэр бүхий хийсвэр диск үүснэ.

Хийсвэр диск үүсгэхийн өмнө ашиглах гэж буй бодит дискийг бэлтгэх хэрэгтэй бөгөөд үүнд доорх тушаалыг ашиглана.

sudo pvcreate /dev/sda5

Ийнхүү бидний бодит диск маань хийсвэр дискэнд ашиглагдахад бэлэн боллоо. Харин одоо доорх тушаалыг ашиглан /dev/sda5 дээр суурилсан vg гэсэн хийсвэр диск үүсгэе. Гэхдээ та өөрийн хүссэн нэрийг өгөх боломжтой.

sudo vgcreate vg /dev/sda5

Бидний vg хийсвэр диск бэлэн болсон ба доорх тушаалыг ашиглан хэмжээ болон бусад мэдээллийг үзэж болно. Хэрэв та өөр олон дискийг агуулсан хийсвэр диск үүсгэх гэж байгаа бол sudo vgcreate vg /dev/sda5 /dev/sda6 /dev/sda7 загвараар ашиглах гэж буй бодит дискүүдийг өгөх боломжтой.

sudo vgdisplay vg

Одоо бид usr гэсэн 40ГБ хэмжээтэй хуваалт үүсгэх ба доорх тушаалыг ашиглана. Энэ тушаалд бид хуваалт үүсгэхдээ аль хийсвэр дискэнд үүсгэх гэж байгаагаа, мөн хуваалтын нэр, хэмжээг өгч байна.

sudo lvcreate vg -n usr -L 40G

Хийсвэр хуваалтын маань файл /dev/mapper/vg-usr зам дээр байгаа бөгөөд mkfs тушаалыг ашиглан өөрийн хүссэн файл систем рүү форматлаж, mount хийж ашиглана уу.


LVM группт шинэ диск нэмэх

fdisk -l тушаалаар шинэ дискээ олно. Мөн lsblk -f тушаалаар илүү эвтэйхэн харж болно. Миний тохиолдолд /dev/vdb байв. Тэгээд дискээ fdisk ашиглан бэлдэнэ.

fdisk /dev/vdb

m дарж тусламжийг харж боно. Миний тохиолдолд g дарж GTP партишн хүснэгт үүсгээд, n дараад 3 удаа Enter дарж шинэ партишн үүсгээд w дарж хадгалж гарав.

fdisk -l тушаалаар шалгахад доорх байдлаар нэмэгдсэн байв.

/dev/vdb1 Linux filesystem

Ингээд шинэ дискээ системдээ таниулах хэрэгтэй.

partprobe

LVM-ын физик диск болгох.

pvcreate /dev/vdb1

LVM физик диск ба бүлгийн мэдээлэл харах.

root@dev:~# pvs
  PV         VG        Fmt  Attr PSize   PFree  
  /dev/vda3  ubuntu-vg lvm2 a--   <9.00g      0 
  /dev/vdb1            lvm2 ---  <30.00g <30.00g
root@dev:~# vgs
  VG        #PV #LV #SN Attr   VSize  VFree
  ubuntu-vg   1   1   0 wz--n- 8.99g    0 

Миний тохиолдолд ubuntu-vg рүү /dev/vdc1 партишныг нэмэх тул:

vgextend ubuntu-vg /dev/vdb1

Мэдээллээ шалгана.

vgdisplay
lvdisplay

Гол нь VG Name, Cur PV, VG Size, Alloc PE/Size, Free PE/Size утгуудыг харна.

Тэгээд lvdisplay мэдээллээс авсан LV Path утгаа ашиглан дараах 2 тушаалаар дискээ бүрэн ашиглахаар тохируулна.

lvm lvextend -l +100%FREE /dev/ubuntu-vg/ubuntu-lv
resize2fs -p /dev/ubuntu-vg/ubuntu-lv

Доорх тушаалуудаар дискнийхээ хэмжээг болсон эсэхийг шалгана. LV Size ба нэмж өгсөн дискний /dev/mapper/xxx -ын утгууд нэмэгдсэн байх ёстой.

lvdisplay
df -h